Шанхайн EXPO Яармагт оролцох Монголын иргэд 500 мянгаас давж болзошгүй
--Монгол улсаас БНХАУ-д суугаа Элчин Сайдын Яамны Худалдаа Эдийн Засгийн Зөвлөх Нямцэрэнгийн Энхтайван Шанхайн EXPO Яармагийн талаар манай радиод ярилцлага өглөө
Сурвалжлагч: Юуны урьдаар эрхэм зөвлөх та цаг заваа гаргаж манай ХОУР-д ярилцлага өгөх болсонд баярлалаа. Монгол улс өнө удаан түүхтэй, үндэстний ёс заншил өвөрмөц, байгалийн өнгө бүрэн, эх баялаг эрдэнэс уурхай элбэг, хөгжиж байгаа дотоод эх хуурайн орон. Шанхайн EXPO Яармагийн үеэр Монгол улсынхан улс орныхоо аль талыг товойлгож, Хятадын болон дэлхийн олон орны үзэгчдэд танилцуулахыг зорьж байгаа бэ?

Н.Энхтайван: За баярлалаа. Юуны өмнө таны радиогоор дамжуулж, Монгол улс энэ үзэсгэлэнд оролцож байгаа талаар, мөн түүнчлэн энэ үзэсгэлэнд монгол хүмүүсийн сэтгэлийг та бүгдээр дамжуулж хүргэж байгаадаа их баяртай байна. Удахгүй цөөн хэдхэн хоногийн дараа Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотноо "Сайхан хот, сайхан амьдрал" сэдэвтэй Шанхай EXPO 2010 энэ арга хэмжээ зохион байгуулагдах гэж байгаад дэлхийн олон түмэн хүлээн хүсэж байна. Энэ арга хэмжээнд оролцох асуудлыг Монгол улсын засгийн газар, Монголын ард түмэн ихээхэн хүлээж, бэлтгэл ажлыг ханган оролцож байна. Энэ арга хэмжээнд Монгол улс "Говь ба хот" гэсэн сэдвийн доор өөрийнхөө ордон павильоныг байгуулж оролцох юм. Энэ павильоноор дамжуулж бид Монголыгоо сурталчлах, Монголын аж амьдрал, ард түмний байдлыг дэлхийн олон оронд танилцуулах, түүний дотроо өөрийн өмнөд хөрш БНХАУ-д танилцуулах бодлогын болон бодитой арга хэмжээг хийх ажлыг зохион байгуулж байна. Монголын павильон яагаад "Говь ба хот" гэсэн сэдэвтэй бэ гэсэн нь бас их утга учиртай. Үзэсгэлэнгийн нэр маань "Сайхан хот, сайхан амьдрал" тул "Говь ба хот" гэж үзэсгэлэнгийн нэртэй уялдуулж өгсөн байгаа. Бас нэгэн гол санаа нь гэвэл, Монгол улс олон жилийн түүхтэй, эрдэнэс баялаг, газрынхаа хөрсөн доор арвин их баялагтай орон. Монголын говь асар их баялаг, ан амьтан ихтэй, хамгийн гол нь байгалийн асар их нөөц баялагтай. Энэ их нөөц баялгийг ашиглах асуудлыг Монголын нийгэмд маш өндөр төвшинд авч үзэж байна. Дэлхийн хэмжээний олон том орд газрууд өнөө ашиглалтад байгаа. Нөгөө талаас Монголын говь амьдралын асар их баялаг түүхтэй газар. Газрын хөрсөнд дэлхийн хэмжээний ан амьтдын олон олдворууд байдаг, динозаврын олон олдвор, динозаврын олон өндөг, үлдэц яс байх жишээтэй. Тэгэхээр энэ говьд хүний амьдрал, эрдэнэс баялаг, өмнө нь байсан амьдралын баялаг туршлага одоогийн энэ амьдрал байгаль орчинтойгоо яаж нийцвэл бид нийгэмтэйгээ ирээдүйдээ цаашид хөгжих бэ гэдэг асуудлыг тусгаж өгөх зорилгоор "Говь ба хот" гэсэн нэрийн доор ордноо байгуулах ажлыг эхлээд байгаа юм.
"Говь ба хот" павильонд тавигдах хамгийн том үзэсгэлэн бол динозаврын өндөг шиг хэлбэртэй, дугуй том үзэсгэлэн юм. Монголын говиос олдсон эртний ан амьтдын, мөн динозаврын болон бусад эртний амьтдын үнэт олдвороос энд байрлуулах болно. Мөн дотор нь Монголын аж амьдрал, ахуй соёлыг харуулсан олон үзэсгэлэн зураг, урлагийн бүтээл тавигдах ёстой. Монголын үндэстний урлагийн хувцас, эд хэрэгсэл, хамгийн гол нь бас сүүлийн орчин үед Монголын хүрсэн нийгмийн хөгжлийг харуулсан үзэсгэлэнгүүд хамт гарах юм.
Үлэг гүрвэлийн өндөг бол өөрөө байгалийн үнэт бүтээгдэхүүн, амьдралын үнэт зүйлийн нэг байдаг. Энэ үлэг гүрвэлийн өндөрлөгийг, орчин үеийн говийн амьдралыг өнөөдрийн нийгэмтэй хослуулж харуулах зорилготой энэ ордныг байгуулахаар ажиллаж байна. Монголын ордон нийт 330 m² талбайтай.

Сурвалжлагч: Монголын үндэсний өдөрлөг зохион явуулна гэж дууллаа. Энэ нь Шанхайн дэлхийн яармагийн хугацаан дахь чухал арга хэмжээ болох байх. Та энэ талаар тодруулна уу?
Н.Энхтайван: Тийм ээ. Энэ арга хэмжээнд оролцож байгаа дэлхийн 200 гаруй орон өөрийнхөө үндэсний өдөрлөгийг зохион байгуулах арга хэмжээ байгаа. Үүний дотор Монгол улс өөрийнхөө өдөрлөгийг зохион байгуулна. Монгол улсын үндэсний өдөрлөгийг хийх өдөр бол 9-р сарын 13-ны өдөр. Энэ үеэр бид маш олон арга хэмжээг төлөвлөж хийх болно. Юуны өмнө бид Монгол улсын өндөр дээд албаны хүмүүсийг энэ арга хэмжээндээ оруулах чиглэлээр ажиллаж байна. Магадгүй Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд эсвэл Засгийн газрын шадар сайдын хэмжээнд, бусад яамдын сайдын хэмжээнд энэ арга хэмжээнд ирж оролцуулах чиглэлээр бид ажиллаж байна. Үүнээс гадна хэвлэлийн бага хурал хийнэ. Энэ хэвлэлийн бага хурлаар Монгол улсыг сурталчлах танилцуулах арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. Дараа нь бид Монгол улсын урлаг соёлыг харуулсан урлагийн том тоглолт хийнэ. Үүнд нээлтийн ажиллагааны үеэр болон оройн төгсгөлийн үеэр хоёр удаагийн тоглолт хийхээр төлөвлөж байгаа. Дараа нь Монголын үндэсний ахуй амьдрал соёлыг харуулсан үзвэрүүдийг дэлгэж үзүүлэх болно. Монголын үндэснийхээ дээл хувцсыг загвар өмсөгч нар өмсөж үзүүлнэ. Мөн Монголын морин хуур, бусад соёлыг харуулсан үзвэрүүдийг оролцуулна. Дээр нь Монголын бараа солилцоо, эдийн засгийн чиглэлтэй үйл ажиллагааг давхар зохион байгуулна гэж төлөвлөж байна.

Сурвалжлагч: Монгол улсын 300 мянган иргэн Шанхайн дэлхийн яармагт оролцоно гэсэн мэдээлэл гарч байсан. Үүнээс хархад Монгол улсын иргэд маань их идэвхтэй ирж оролцох сонирхол төрж байгаа юм байна. Энэ талаар та бодлоо хуваалцана уу?
Н.Энхтайван: Энэ удаагийн яармаг манай урьд хөрш БНХАУ-ын хамгийн том хотын нэг Шанхай хотод болж байгаа нь Монголын ард түмэн бидний хувьд баярлууштай олзуурхууштай арга хэмжээ болж байгаа. Юу вэ гэвэл, хөрш оршдог гэдэг утгаараа Монголын ард түмэн Шанхай хотод очиход хамгийн ойр, дөхөм, зардал, зам харилцааны хувьд гэж хэлэхэд хамгийн боломжтой. Сүүлийн жилүүдэд хоёр орны худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг даган монгол иргэд Хятад улсад ирж байгаа тоо байнга нэмэгдэж байдаг. Өнгөрсөн оны байдлаас авч үзэхэд нийт давхардсан тоогоор 1 сая 200 гаруй монгол иргэд Хятадад айлчилсан байгаа. Өнөөдөр Монгол улсын нийт хүн ам нь 2.7 сая хүн, тэгэхэд түүхий бараг тал шахуу хувь нь давхардсан тоогоор Хятад улсад ирж байгаа нь хөрш орны сайхан боломж байгаатай холбоотой юм . Та бас сая сайхан тоо ирлээ. Энэ арга хэмжээнд Монголын 300 гаруй мянган хүн ирж оролцох тухай мэдээлэл авлаа гэж. Тэгэхээр миний бодлоо жил шахам болох энэ арга хэмжээнд магадгүй 300 мянгаас илүү хүн ирж оролцоно гэж би бодож байна. Яагаад гэвэл, хагас жил гаруйн хугацаанд болох энэ арга хэмжээнд жилд сая гаруй хүн Хятадад ирээд байгаа юм чинь хагас жилийн хугацаанд магадгүй 500 мянгаас ч дээш хүн Шанхайн арга хэмжээнд оролцох боломж бүрэн байна гэж би ойлгож байна. Хятадад ирсэн хүн энэ 184 хоногийн хугацаанд Шанхай очин үзэх байх гэж би найдаж байна.
Сурвалжлагч: Яармагийн үеэр Монголын иргэд Шанхай очих боломж нөхцөлийг хир бүрдүүлж өгөх вэ?
Н.Энхтайван: Энэ боломж нөхцөлийг бид засгийн газрынхаа төвшинд, мөн холбогдох байгууллагуудын бүх төвшинд сурталчлах танилцуулах ажил байнга хийгдэж байгаа. Хоёрт, Монгол иргэд Шанхайд очиход Бээжинд ирэх замын асуудал бүрэн нээлттэй. 7 хоногт зуны улиралд 10 онгоц ирж байх жишээтэй. Төмөр замаар гэхэд 7 хоногт 3 цуваа вагон ирж байгаа. Авто машинаар өдөр болгон ирж байна. Тэгэхээр хүмүүсийн хувьд Шанхайд очиход замын хувьд тээврийн хувьд саатах саатал байхгүй. Шанхайн үзэсгэлэнгийн мэдээллийн талаар Шанхайн үзэсгэлэнгийн вэб сайт мөн сонин хэвлэл мэдээллүүдээс Монгол улсын иргэд сайн авч байгаа. Өөр нэг сайхан давуу тал нь гэвэл энэ үзэсгэлэнд оролцохын хэрээр дэлхийн олон орны соёл, эдийн засаг зэрэг бүх талаар ойлголттой болох сайхан боломж бүрдэх учраас Монголын иргэд ард түмэн үүнийг бүрэн дүүрэн ашиглана гэж найдаж байна.
Сурвалжлагч: Яармагийн хугацаанд худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны талаар Монголын талаас ямар арга хэмжээнүүд зохиох бэ?
Н.Энхтайван: Шанхайн яармагт оролцох асуудлыг Монгол улсын засгийн газар маш өндөр төвшинд чухалчлан авч үзэж байгаа. Шанхайн үзэсгэлэнд оролцох ажлыг гол зохион байгуулах байгууллага нь Монгол улсын Гадаад яам, түүний харьяанд байдаг Монголын Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын газар энэ ажлыг нэлээн чухалчлан хариуцан зохион байгуулж байгаа. Түүний зэрэгцээ Монгол улсын Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим энэ арга хэмжээнд ихээхэн үүрэгтэй оролцож байгаа. Эдгээр хариуцан ажиллаж байгаа байгууллага нь үндсэндээ Монгол улсын гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, гадаадын хөрөнгө оруулалтын асуудлыг хариуцсан байгууллагууд юм. Тэгэхээр энэ байгууллагуудаар дамжаад Монгол улс гадаадтай харилцах харьцаа, түүн дотроо гадаад худалдаа, гадаад эдийн засгийн харилцааг эдгээр байгууллагуудаар дамжиж хийгддэг. Эдгээр байгууллагууд Шанхайн үзэсгэлэн EXPO арга хэмжээнд оролцохынхоо зэргээр Монгол улс үзэсгэлэнд оролцож байгаа гадаадын бүх улсуудтай худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжийг судлах, өөрийгөө тухайн орнуудад бас хамтарч ажиллах боломжоо танилцуулах үндсэн үүрэгтэй. Ялангуяа БНХАУ, Шанхай хотод Монгол улс Хятад улстай хөгжүүлэх боломжтой худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг давхар сурталчлах, түүнчлэн хамтын ажиллагаа цаашид явуулах боломж нөөц бололцоог улам нэмэгдүүлэх ийм үүрэгтэй оролцож байгаа юм.
Сурвалжлагч: Таны хувьд Шанхайн EXPO Яармагаас хүсэн хүлээж байгаа зүйл тань юу бэ?
Н.Энхтайван: Хөрш орны хувьд Хятад улсаас Монголд өгдөг өгөөж үр, ашиг шим асар өндөр байдаг. Зөвхөн худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаанаас гадна Монгол хүмүүс Хятадад, Бээжин хотод ирээд, бас Шанхай хотод очиход Монгол хүн өөрөө Хятадын хөгжил, ололт амжилт, Хятад хүмүүсийн ажилсаг хөдөлмөрсөг сайхан зан чанарыг суралцах, түүнийг нүдээрээ олж харах, ялангуяа Хятадын үсрэнгүү хөгжлийг, тэр тодроо Шанхай хот бол Хятадын хувьд хамгийн өндөр хөгжилтэй хот, тэрийг ингэж нүдээрээ харах боломж олдоно нэмэгдэнэ гэдэг нь Монгол хүн өөрөө суралцах, үзэж харах сайхан боломжийг бүрдүүлж байгаа сайхан арга хэмжээ юм. Та бүхэн мэдэж байгаа, 2008 онд болсон олимпын үеэр жишээлбэл Монголын тамирчид их амжилттай оролцож олон олон медаль авч эх орондоо буцсан, үүний нэгэн адил Шанхайн EXPO-д оролцох Монголын бизнес төлөөлөгчид, Монголын иргэд, ард түмэн, Монголын өндөр дээд хэмжээний удирдагчид дарга нар олон олон зүйлийг үзэж харахын зэрэгцээ тэндээс эдийн засгийн хөгжлийн олон хамтын ажиллагааг, цаашид Монгол улсаа хөгжүүлэх олон хамтын ажиллагааг мэдэж эх орондоо очно гэдэгтээ илтгэлтэй байна. Шанхайн EXPO гэдэг нь үндсэндээ дэлхийн хэмжээний эдийн засгийн олимп гэж ярьдаг. Тэгэхээр дэлхийн энэ олимпоор дамжиж Монгол улсаа сурталчлахаас гадна дэлхийн энэ олимпд орж байгаа бусад орны олон олон соёл, туршлага, хөгжлийн загварыг бас эх орондоо авчран очиж, эх орон Монгол улсаа улам сайхан хөгжүүлнэ гэдэгт найдаж байна.
Шанхайн EXPO арга хэмжээнд Монгол улс оролцоход Хятадын засгийн газраас Монгол улсад нийт 900 мянган америк долларын тусламж үзүүлсэн. Энэ тусламжийн хөрөнгийг Монгол улсын павильон ордныг барихад ашиглаж байгаа. Монголын иргэд, төлөөлөгчдийг оролцуулах бүрэн боломжоор хангасан, үзэсгэлэн үзэх тодорхой тооны билетийг мөн олгоно гэдгээ амлаад байгаа. Шанхайн үзэсгэлэн байгуулах хороо болон Шанхайн үзэсгэлэн зохион байгуулахад оролцож байгаа үйлчилгээний компаниуд маш идэвхтэй сэтгэл гаргаж, бидний ажилд тусалж байгаа, маш их баярлаж байна.
Сурвалжлагч: Шанхайн EXPO Яармагийн үеэр Монгол улсын ордныхон арга хэмжээнийхээ дунд экологийг хамгаалах, хүрээлэн буй орчныг хамгаалах ойлголт ухамсрыг хүмүүст түлхүү танилцуулах юм байна. Монгол улсынхан экологийг хамгаалах, өөрийнхөө байгаль орчныг хамгаалах тал дээр ямаршуу ажлуудыг хийж ирсэн бэ? Экологийг хамгаалах дээр ямар нандин туршлага хуримтлуулсан бэ?
Н.Энхтайван: Сүүлийн үед дэлхийн хэмжээнд экологийн тэнцвэртэй байдлыг хадгалах, байгаль орчныг хамгаалах асуудал хамгийн хурцаар тавигдаж байна. Үүний нэгэн адил энэ асуудал Монгол улсын хувьд маш хурцаар тавигдаж байна. Цаг агаарын дулаарал, цөлжилт, гэнэтийн хүйтэрэл зэрэг байдлын нийгэм байгаль орчинд үзүүлэх нөлөө маш их байгааг бид бүгдээрээ мэдэж байдаг. Харамсалтай нь үүнийхээ эсрэг тэр бүрийн тодорхой арга хэмжээг авч чаддаггүй, энэ нь мэдээж олон шалтгаантай. Монгол улсын хувьд гэхэд өнөөдөр эдийн засаг нь харьцангуй буурай хөгжилтэй, байгаль орчныг хамгаалах асуудалд зарцуулах мөнгөний хэмжээ бага байгаа, тэгэхээр байгаль орчныг хамгаалах асуудалд бид хангалттай арга хэмжээ авч хэрэгжүүлж чадахгүй байна. Гэхдээ Монголын ард түмэн өөрсдөө байгалийг хамгаалах хүмүүжил боловсролыг маш сайн эзэмшсэн байдаг, ялангуяа Монголын хөдөөгийн ард түмэн хаа явсан газраа, хүрсэн буусан буудалласан нутагласан бүх газрынхаа байгаль орчныг хайрлаж хамгаалж, очсон газраа цэвэрлэж явах сайхан хүмүүжилтэй байдаг. Очсон газрынхаа өвс ургамал, мод согогийг хугалахгүй бутлахгүй байх, тэнд байгаа ан амьтдыг үргээхгүй устгахгүй алахгүй байх сайхан үзэлтэй байдаг учраас өнөөдөр Монгол улс дэлхийн хэмжээнд онгон байгалиа хадгалсан, байгаль орчноо сайхан хадгалж яваа улсын тоонд ордог билээ. Тийм ч учраас байгалийг хамгаалах хүн бүрийн үзэл, хүн бүрийн ойлголт өөрөө бас хамгийн чухал зүйл байгаа юм. Магадгүй энэ талаар бас Хятадын ард түмэн, найз нөхөртэйгээ байгаль орчныг хүн бүр хамгаалах сэтгэлгээгээр бид харилцан туршлага солилцож болно гэж би бодож байна. Ер нь хотжилт нэмэгдэх үйлдвэржилтийн хэмжээ нэмэгдэхийн хэрээр байгалийг хамгаалах асуудал улам төвөгтэй хэцүү болж байгаа. Монгол улсын хувьд 2020 он гэхэд нийт хүн амын 70 орчим хувь нь хотод суух төлөвлөгөөтэй байгаа, үүний цаана нь хотжилтын хэрээр байгаль орчныг хамгаалах, хүрээлэн байгаа орчныг хайрлах асуудал мөн давхар бодолцож хийх ёстой ажил. Хотжилтын хэрээр байгаль орчинд үзүүлэх сөрөг үр нөлөө улам нэмэгддэг, тэнд олон олон үйлдвэр бий болно, олон олон дэд бүтцийн зам бий болдог, тэрийгээ даган олон хүний хөдөлгөөнөөр, үйл ажиллагаагаар байгаль орчин өөрөө сүйтгэгддэг. Тэгэхээр энэ байдалд бид харилцан суралцаж, туршлагаа солилцож, тодорхой төвшинд зардал төсөв гаргаж ажиллах ёстой гэж би хувиндээ бодож байна.
Сурвалжлагч: Цаг заваа гаргаж манай радиогийн сурвалжилгыг хүлээн авсанд их баярлалаа.
Н.Энхтайван: Та бүхэнд бас их баярлалаа, мөн тусгайлан цаг гаргаж ийм нэвтрүүлэг бэлдэж байгаад талархлаа илэрхийлье. \Хятадын олон улсын радиогийн сурвалжлагч редактор Алтаннавч, Уртнасан.\